Манай Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу.
Сайн байцгаана уу?
БНСУ-аас Монгол Улсад суугаа 15 дахь Элчин сайд Чой Жин Вон байна.
Монгол Улс нь Зүүн Хойд Азийг Төв Ази болон Европтой холбосон стратеги, геополитикийн түшиц газар төдийгүй байгалийн арвин баялагтаа тулгуурлан хөгжих хязгааргүй нөөц боломж бүхий улс бөгөөд бүс нутаг дахь манай гол түнш орны нэг юм.
Солонгос, Монгол хоёр орон нь түүх, соёл, газар зүйн хувьд нэн ойр төдийгүй ардчилал, зах зээлийн эдийн засаг хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий орнууд юм. Манай хоёр орон тэртээ 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн ба 2021 онд хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд дэвшүүлэн хөгжүүлсэн. Цаашид энэхүү харилцаан дээрээ тулгуурлан хоёр орон улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, боловсрол, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам бодитоор хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна.
Мөн БНСУ нь Монгол Улсын гадаад худалдааны гол түнш орны нэг бөгөөд хоёр орны хоорондын гадаад худалдааны хэмжээ 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед ердөө 270 гаруй мянган ам.доллар байсан бол өнгөрсөн 2023 онд 540 сая ам.долларт хүрч 200 дахин нэмэгджээ. Түүнчлэн энэ цаг үед Солонгос, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA)-ийг байгуулахад чиглэгдсэн хэлэлцээг амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд энэ нь хоёр орны худалдаа эргэлтийн цар хүрээ, хэмжээг нэмэгдүүлэх гол үндэс суурь нь болох юм.
Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн гол хөшүүрэг болох иргэд хоорондын харилцаа тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн солонгосын иргэд, жуулчдыг визний шаардлагаас чөлөөлөх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын иргэдийн Монгол Улсад зорчих урсгал эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрөгч 2023 оны байдлаар хоёр орны хооронд харилцан зорчсон иргэдийн тоо түүхэн дээд амжилт буюу 280 мянгад хүрсэн.
Манай Элчин сайдын яам нь хоёр орны өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилтад тулгуурлан бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах болно. Мөн Монгол Улсад оршин сууж буй солонгос иргэд болон тэдгээрийн амь нас, эд хөрөнгийг сахин хамгаалахын төлөө хичээн ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжин, хамтран ажиллахыг хүсье.
Баярлалаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Чой Жин Вон